“Тамхины хяналтын тухай хууль” хэрэгжихгүй байгаагийн учир юу вэ

{[['']]}
 tamhi
УИХ-ын эмэгтэй гишүүдийн "Цагаан сарыг ургийн баяр болгох" санал санаачилга гарсан даруйдаа олон түмний  эсэргүүцэлтэй тулгарч бут цохигдсон. Өөрөөр хэлбэл  ядуусын сэтгэлгээ дээр хийсэн тэдний улс төр газар авсангүй. Төд удалгүй эрхэм гишүүдийн   бодож олсон зүйл бол "Тамхины хяналтын тухай хууль" байв. Ихэнх хуулиуд амьдралаас урган гардаг, нийгмийн захиалга байдаг бол "Тамхины хяналтын тухай хууль" нь улстөрчдийн PR байсан гэхэд болно. Гэхдээ тэд цоо шинэ хууль санаачлаагүй юм.
Хуучин хуулинд "Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрнаас 100 мет­рийн дотор тамхи татах, ху­дал­даалахыг хориглосон" байдаг байв. Харин эрхэм гишүүдийн санаачилсан шинэ хуулинд 500 метр гэсэн нэмэлт орсон. Ингэснээр хотын төвд тамхи олдохоо байж шагчид бий болов. УБИС-ийн өмнүүр энгэртээ тамхи хийсэн "худалдаачид" хөлхөлдөх болсон. Дэлгүүр, ТҮЦ-ийн эзэд тамхи хогийн саванд нууж "арын хаалгаар" өгдөг үнэтэй зүйл болон хувирсан юм.
 tamhi

Хааж боох, үнийг нь нэмэх тусам тамхины нэр хүнд өсч баяр ёслолоор тамхи бэлэг­лэдэг уламжлал сэргэх ханд­лага ажиглагдах болжээ. Ний­гэмд ховор живэр бараа бү­тээгдэхүүний нэр хүнд өсдөг бичигдээгүй хууль байдаг юм билээ. Шинэ хуулиар сур­гуулиас 500 метр гэснийг хууль хэрэгжүүлэгч нөхөд цэцэрлэг, их дээд сургууль, сургалтын төв хэмээн мушгин гуйвуулж дарамт, шахалтын хэлбэр болгон ашиглаж эхэлжээ.
Сумын төвд бол энэ хууль хэрэгжих боломжгүй. Сур­гууль, цэцэрлэгээ тойроод дэлгүүр, баарууд нь байдаг гэхэд болно. Нөгөөтэйгүүр хагас км гэдэг бол сумын төвийн тал нь юм. Мөн нөгөө хяналтын тухай хуулинд хөдөө, хээр тамхи татахыг хориглосон заалт бий. Тэгэ­хээр тал дээр, талбай дээр ч тамхи татах боломжгүй. Мон­гол Улсад хууль хэрэгждэг бол шүү. Сүүлийн үед баар цэнгээний газрууд тамхи та­туулдаг нууц өрөө бий бол­гоод эхэлчихэж. Тэр өрөөнд нь тамхи татан, пиво уух юм бол цагийн 20 мянган төгрөг нэх­дэг болжээ.
 

tamhi
Тамхи татах цэг
Эмэгтэй гишүүдийн энэ жилийн хийсэн ажил "Там­хины хяналтын тухай" хуу­линд "Тамхи татаж болохгүй газар тамхи татсан иргэнийг 50,000 төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэн хэмжээ­ний төгрөгөөр торгох" гэсэн заалт бий. Хамгийн гол нь хаана тамхи татах вэ. Үүний­гээ зааж өгсөнгүй. Хууль са­наачлагчид гэр, машин дотор тамхи татаж болно гээд байна лээ. Үнэхээр л иргэдийнхээ эрүүл мэндийг бодож байгаа юм бол гэрт, машинд татахыг хориглож болох байсан.
Цэцэрлэгт хүрээлэн, хээр тал, орцны үүдэнд тамхи татах хориотой мөртөө гэр хороололд бол зөвшөөрөх юм билээ. Энэ хуульд зөндөө алдаа бий. Тамхи татахад албан тушаалтан, иргэн хоёрыг ялгаатайгаар торгоно ч гэх шиг. Үүнээс болоод Засгийн газар, АН-ын нэр хүнд унаад байгаа юм. Тамхи татдаг нөхдүүд "Тамхигүй байна гэдэг өлсөхөөс хэцүү" гэж ярьдаг. Шөнийн дөрвөн цагт тамхи эрээд гэр хороол­лоор давхиж байгаа иргэн "Муусайн юмнууд Засгийн эрхэнд гараад хүний эрх боо­гоод байна" гэх жишээний.
Тамхи татах, болих гэдэг бол хүчээр шийдэх асуудал биш. Ухамсрын түвшинтэй ярих асуудал болов уу. Хүн бүхэнд хууль тэгш үйлчлэх ёстой гэдэг хэдий ч урлаг соёлын одод, зохиолчид теле­визээр хүртэл тамхиа татаад сууж байна шүү дээ. Тамхи хориотой бараанд заагдаагүй ч улстөрчдийн хүсэлтээр "хавчин гадуур­хаг­даж" байгаа бүтээгдэхүүн. Муу нэртэй хэрнээ ашиг орло­готой барааны эхний гуравт орно. Өөрөөр хэлбэл улсад татвар төлөлтөөрөө байнга өндөр хувьтай байдаг бараа бүтээгдэхүүн юм.
Тэгэхээр одоо яах бэ. Нэн түрүүнд тамхи татдаг цэгүү­дийг байгуулах хэрэгтэй бай­на. Япон, Солонгосын гудам­жинд байдаг тамхи татдаг цэг байгуулчихвал тэндээ очоод л баагиулчихна. Тэгэхэд өнөө­дөр тамхи татдаг хүн бүхэн гэмт хэрэгтэн шиг булан тохойд нуугдан  байна гэхэд болно. Хүүхэд байхдаа малын саравчинд тамхи татаж өвсөнд гал алдчихсан хүүхэд шиг нууж хаах үе ирдэг юм байна. Өвлийн цагт тамхи татах сонирхолтой, дуршил­тай хүмүүст тун хэцүү.
Дунд сургуулиас 500 метр зайтай гэдгийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүс бол жижиг дунд бизнесийнхэн. Зарим нэг дэлгүүрүүд зөвхөн тамхиар төрөлжсөн байдаг. Гэтэл тэдний бизнес байхгүй болохоор Засгийн газрыг муулахгүй яах юм бэ. Амьжир­гааны эх үүсвэрээс нь салгачихаж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн гол нь УИХ-ын эмэгтэй гишүүд 500 метр гэдгийг ямар судалгаагаар хийсэн нь тодорхой бус.
Түүхий гоомой хийсэн хуулиас болоод далд бизнес, нууц хуйвалдаан гарах бол­сон. Өнөөдөр бүх дэлгүүр, бааранд тамхи зарж байна. Бүгд "Нууж татаарай. Баригд­вал араа даагаарай" ч гэх шиг. Энэ бүхэн цагдаа нарт хууль завхруулах боломж болол­цоог цэлийтэл нээж өгч байгаа юм. "Та тамхи татлаа, тавин мянгаар торгоно" гэж нээнтэглэж байгаад таван мянган төгрөг суйлчихаад алга болдог болов.  
Тамхи хориглосон улс орны нэр хүнд дээшилсэн гэж дуулаагүй. Харин ч бүр эсрэгээ­рээ хувь хүний эрх зөрчигдсөн мэт харагдаад байгаа юм. Гадаадын жуул­чид онгоцноос буунгуутаа тамхи татах өрөө рүү гүйдэг. Тэд арван хэдэн цагийн нис­лэгийн  үеэр тамхи татахыг л бодож явдаг аж. Гэтэл "Чингэс хаан"   онгоцны буудал дээр тамхи татах цэг байхгүй.
Манай эрхэм гишүүдийн яриад байгаа шиг бүх улс оронд тамхи татахыг хориг­лочихсон юм биш. Өндөр хөгжилтэй бүх оронд тамхи зарж байна. Харьцангуй өн­дөр үнэтэй байх шиг харагд­даг юм. Үүн дээр нь анхаарч болдоггүй юм уу. Дунд сур­гуулиас 500 метр зайтай тамхи татна, зарна гэсэн хууль байдаггүй. Харин 18 нас хүрсэн үү, үгүй юу гэдэг нь асуудлын мөн чанар байдаг юм билээ.
Тун удахгүй УИХ-ын эмэгтэй гишүүд архины эсрэг хууль гаргах сураг байна. Яахав дээ бас  сомган, өвгөнт, нэрмэл, бараашиг ихэсч, орой үдшийн цагаар дэлгүүр буудлын хавиар шагчид эр­гэл­дээд эхэлнэ биз. Арван долоон чингэлэг спирт, "Азийн чоно" архинууд бий болох үүд нээгдэнэ дээ. Амьд­­ралд хэрэгжих боломж­гүй хууль гаргачихаад алдаа мадгийг нь засъя гэхээр аашилж загнаад байдаг эмэгтэйчүүдийг яалтай билээ.
Үүнтэй адилхан 17 чин­гэлэг тамхины хэрэг, иргэд  элдэв зүйлээр тамхийг орлуу­лан татаад эхэлбэл гайхах зүйл үгүй биз. "Соц" нийгмийн үед тамхи олдохгүй боло­хоор хөдөөний залуус адуу­ны хо­моол, дээлийн хөвөн татсан явдал гардаг байлаа. Ер нь тэгээд хатавчинд суугаад тамхи татах хагас км яваад   тамхи татахад нэг их ялгаа байхгүй. Тэгэхээр "Тамхины хяналтын тухай хууль"-ийг хэрэгжүүлэхийн тулд тодор­хой хэмжээний засвар хэрэг­тэй байгааг улс­төрчид бус нийгэм шаардаад байна даа.
 

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Эх сурвалж  medee.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

No comments:

Post a Comment

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii