{[['
']]}


-Дууны уран бүтээлээ завсарлаад кино урлагт хүч сорьж эхэлсэн байна лээ. “Амьдрал чиний төлөө” киноны тань талаар яриагаа эхлэх үү?
-Тийм ээ, хэсэг хугацаанд нам гүм байсан нь үнэн. Бараг 2008 оноос хойш шинэ бүтээл хийгээгүй, залхуу хүмүүсийн нэгээр “тодорсон” доо. Гэхдээ бусдад мэдэгдээгүй л болохоос биш би зүгээр суугаагүй шүү. МҮОНТ-ийн бүтээл буюу цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Амьдрал чиний төлөө” кинонд тоглох завшаан тохиосон. Аз болж кино пробонд тэнцсэн учраас тоглохоор шийдсэн юм. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ, энэ бол миний тоглосон анхны кино. Жүжигчний мэргэжил их сайхан санагддаг болохоор кинонд тоглох болсондоо сэтгэл өндөр байлаа.
-Нэлээд хэдэн дуугаараа олонд танигдсан болохоор хүмүүс шинэ уран бүтээлийг чинь хүлээж байж магадгүй?
-Би нэг их олон дуутай биш л дээ. Яахав, урын санд байгаа дуунуудаараа цомог гаргах юмсан гэж боддог. Одоо бол цомог гэдэг зүгээр л тухайн дуучны нэрийн хуудас мэт болчихож. Түүнийг зарж борлуулаад мөнгө олох боломж муу. Үнэхээр сайн, мундаг дуунуудтай байж л цомог гаргасан нь дээр юм болов уу гэж бодоод нэг их яарахгүй байгаа. Тэгээд ч өөрт таалагдсан, дуртай дуунуудаа дуулаад явж байхад заавал цомог гаргах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юмуу. “Акапелла” хамтлагт ороод хоёр жил гаруй болж байна. Уран бүтээлээс гадна бүгд л тус тусынхаа ажилд анхаарч байгаа хэсэг хугацаанд онцлох юм хийгээгүй. Оки бид хоёр нэг хэсэг киноны зураг авалтад оролцоод завгүй явсан болохоор нөгөө гурав маань юугаа ч хийх билээ. Одооноос л уран бүтээлээ эхлүүлж явна. Өмнө нь байсан, өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн туршлагатай хамтлаг учраас гайгүй уран бүтээл гарах болов уу гэж найдаж байна. Хамтлагийн бүрэлдэхүүний хувьд өмнө нь хоёр эмэгтэй, гурван эрэгтэй байсан. Харин одоо нэг эмэгтэйгээ солиод бас нэг жүжигчин бүсгүйтэй болсон.
-Дуучин Эрка гэхээр олон хүн мэддэг ч бусад талын мэдээлэл тань нэлээд нууцлагдмал байдаг юм билээ. Эзэмшсэн мэргэжил тань урлагаас өөр гэсэн?
-Би урлагийн талын ямар ч мэргэжил эзэмшээгүй. Урлагт үнэхээр дуртай учраас л уран бүтээлээ хийж яваа. Хүсэл сонирхлыг минь хориглож болохгүй шүү дээ. Би бүр багаасаа л урлагийн ертөнцөд татагдаж ирсэн. Хамгийн сайхан хүмүүс л урлагийнхан байдаг. Энерги сайтай, сайхан салбар болохоор тэр биз. Миний хувьд нефтийн инженер мэргэжилтэй. Одоохондоо мэргэжлээрээ ажиллаагүй, хүссэн зүйлээ хийгээд л явж байна.
-Уран бүтээлийн тал дээр нэлээд секси маягийн стильтэй харагддаг. Харин бодит амьдрал дээр огт эсрэгээрээ юм?
-Тийм айхтар задгай хувцасладаг юм шиг санагдсан уу, би./инээв/ Миний дуунууд ихэвчлэн хайрын сэдэвтэй болохоор клипний найруулагчид намайг ийм байдлаар харуулахыг зорьсон биз. Хэт задгай биш бол эмэгтэй хүний гоо сайхныг харуулахад юу нь буруу гэж. Бусад дуучдыг ч гэсэн энэ тал дээр шүүмжилмээргүй байна. Дэлхий даяараа л ийм байна шүү дээ. Угаасаа эмэгтэй хүний гоо сайхан царай үс, бие галбирт нь л байдаг. Энэ бүхнийг хэтэрхий илэн далангүй биш хэрнээ гоё сайхнаар харуулж яагаад болохгүй гэж. Түүнээс биш би амьдрал дээр их энгийн. Шаардлагатай үед гоёх гэж таалагдсан гутлаа авдаг ч тэр бүр өндөр өсгийт өмсдөггүй. Ихэвчлэн өмд өмсөх дуртай, нэлээд эрэгтэйлиг талдаа хүн шүү дээ. Зан ааш минь ч тэр. Эрэгтэй найз олонтой.
-Айлын ганц охин гэл үү?
-Тийм ээ, ганц. Хүмүүс намайг айлын ганц хүүхэд гэхээр нэлээд зожиг, эрх юм шиг төсөөлдөг. Харин би өөрийгөө эрх биш гэдгийг зуун хувь хэлнэ шүү.
-Рок попын ертөнцөд эмэгтэй дуучин олноор гарч ирсэн. Тэр хэрээр өрсөлдөөн нэмэгдэх нь тодорхой. Харин тэднээс ялгарах өөрийн гэсэн онцлог, дүр төрхийг бүрдүүлэх тал дээр?
-Хамтлагийн уран бүтээлээс гадна бие даасан уран бүтээл хийх бодол бий. Хэдэн дуун дээрээ ажиллаад явж байна. Гэхдээ би бусад дуучинтай яг адилхан болчих вий гэх ч юмуу заавал тэднээс ялгарч, онцгой содон байх юмсан гэж нэг их хичээдэггүй. Тэртээ тэргүй, хүн гэдэг ганцхан хувь юм чинь. Надаас гарч байгаа дуу хоолой ч ахин давтагдашгүй цор ганц. Яахав, бусадтай төстэй байж болно. Харин яаж ч дуурайгаад надтай адилхан болохгүй шүү дээ. Стиль имижийн тал дээр ч гэсэн, бусадтай л адилхан хувцаслаж явна. Энэ тал дээр нэг их толгойгоо гашилгадаггүй.
-Урлаг гэдэг хэн нэгний хобби ч юмуу ивээн тэтгэгч хайх, эсвэл бусдын анхаарлыг татах хэрэгсэл биш гэж залуу дуучдыг шүүмжлэх нь цөөнгүй. Энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ?
-Хүн хүний бодол өөр байх л даа. Яг энэ тал дээр бол би тухайн хүний хүмүүжлээс шалтгаалах асуудал гэж хэлмээр байна. Мэргэжлийн биш хэдий ч “Оскар”-ын шагнал хүртсэн гадаадын мундаг жүжигчин зөндөө байдаг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө тэдэнтэй зүйрлүүлсэн юм биш шүү. Харин урлагт үнэхээр дуртай, багахан хэмжээний авьяас байгаад хүсэл зорилгынхоо төлөө тууштай зүтгэж чадвал яагаад болохгүй гэж. Мэргэжил үнэхээр чухал л даа, гэхдээ мэргэжлийн хэмжээнд хүрсэн мөртлөө тууштай явж чадаагүй хүн зөндөө байгаа гэж боддог.
-“Акапелла” хамтлагийн шинэ уран бүтээлийн онцлог юу байх бол. Гишүүдээ сольсон шигээ өөр өвөрмөц сюрприз барих болов уу?
-Би зөвхөн ганцаараа биш учраас хамтлагийнхаа нууцыг задалж болохгүй байх. Дөрвөн эрэгтэй дуулах нэг өөр. Харин гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нийлээд таван хүн дуулах нь мэдээж өөр байлгүй яахав. Дууны сэдвээс гадна хоолойны дуугаралт хүртэл өөр байх болов уу.
-Цаашид мэргэжлээрээ ажиллах уу, хэдий болтол дуулах вэ?
-Хүн бүр л ингэж асуудаг. Юуны төлөө ийм мэргэжил эзэмшсэн билээ дээ. Цаашид мэргэжлийнхээ дагуу ажиллах нь тодорхой. Харин яг одоо би урлагт “дурлачихаад” байна. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл явна даа. Мэргэжлээ хэзээ ч орхихгүй, нэгэн цагт сурч мэдсэнээ гаргана.
-Барууны хамтлаг дуучдаас хэний бүтээлийг илүү сонирхдог бол?
-Яг энэ тэр гэж онцолж сонгосон хүн ховор. Аделийн дуунуудыг нүдээ аньж байгаад сонсохоор их гоё санагддаг. Тайзан дээр их энгийн, зогсч байгаад дуулах нь хүртэл сайхан. Бас дуунуудаа дандаа “амьд”-аар дуулдаг болохоор их таалагддаг. Нора Жонсын дуунуудыг ч мөн сонсох дуртай. Өөр гоё дуу, сонирхолтой клипүүдийг байнга судална аа.
-Дуулахын хажуугаар бүжиглэх тухайд юу гэж бодож байна?
-Тухайн дуунаас л шалтгаалах байх. Үнэхээр dance маягийн дуун дээр бүжиглэхгүй гээд яах билээ. Бүжиглэлээ гэхэд бусад дуучинтай адилхан болчихно гэж айх хэрэг юун. Энэ талаар нэг их бодож байгаагүй юм байна.
-Энд тэнд дуулах урилга заллага хэр их ирдэг вэ?
-Хамтлагаараа нэг их явахгүй байгаа. Ганцаараа дуулах урилга хааяа ирнэ. Чухал ажил гарахгүй бол найз нөхдийнхөө зохион байгуулсан шоунд байнга оролцдог. Хамгийн сүүлд “Амжих уу, хайр аа” киноны дууг дууллаа.
-Олны танил байх сайхан ч бас зовлонтой гэдэг. Уран бүтээлээс бусад үед найз нөхөдтэйгээ нийлээд явах ч юмуу чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж гарвал хэр нээлттэй байж чаддаг вэ?
-Миний хувьд биш л дээ. Харин манайд үнэхээр од болж чадсан хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд өнөөдөр барууны одод шиг амьдрах нөхцөл байгаа юмуу. Би сайн мэдэхгүй юм. Од байна, олны танил болчихлоо гэж санаа зовж явсангүй. Бусадтай л адилхан амьдарч байж яагаад заавал бусдаас илүүрхэж, зиндаархах ёстой юм бэ. Дуртай ажлаа хийгээд явж байхад элдэв маяг хөөх шаардлага гарахгүй гэж боддог.
-Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг вэ?
-“Сүнс”-ийн Лхагваа ах, Оки, хөгжмийн зохиолч Бэхээ, Пүрэвдорж ахын дуунууд бий. Бас хамтарсан уран бүтээл ч цөөнгүй байдаг юм. Буянаа ахтай хамт дуулсан “Сонголт” киноны дуунаас гадна “Boomtown”, “Funk Beat” хамтлагийнхантай хийсэн уран бүтээл бий. Хамтлагийн дуунаас гадна бие даасан уран бүтээлийн хувьд өөр, өөр уран бүтээлчидтэй хамтарч байгаа. Энэ бүхнийг гарсан хойно нь хэлье. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг дээ.
-Манайхан сүүлийн үед гадаадад клип хийлгэх болж. Ийм сонголт хийх үү?
-Үнэхээр боломжтой бол гоё шүү дээ. Дуучид маань өнөөдөр хотынхоо гайгүй гэсэн хэдэн обьектыг тойроод л явж байна шүү дээ. Энд тэндээс нь зураг авч, элдэв янзаар өөрчлөөд “үзэж тарж” байх жишээтэй. Гудамжинд лав зураг авалт хийх газар олдохгүй гэж би боддог юм. Хэрэв боломж нь байгаад хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл гадаадад зураг авалт хийлгүй яах вэ.
-Дахиад кинонд тоглох санал ирсэн үү?
-Санал гэх нь хаашаа юм, “Иймэрхүү дүрд тоглох уу” гэж асуусан хүн бий. Гэхдээ надад тохирохгүй дүр байсан болохоор нь татгалзсан. Тоглож чадахгүй байж бусдын ажилд садаа болоод яахав.
-Олны танил бүсгүйчүүдэд сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зураг авахуулах, кинонд эротик дүр бүтээх санал их ирдэг гэх. Таны хувьд, хэрхсэн бол?
-Ирсэн л дээ. Бүтэн нүцгэлэхгүй, боломжийн хэмжээнд байвал яах вэ. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ, зориглоод үзвэл чадах л байх. Гэхдээ урлагийг буруугаар ашиглахыг хүсдэггүй л дээ, би. Ямар ч зүйлд урлаг, уран сайхан, гоо зүйн хэмжүүр байх ёстой.
-Дуулахаас гадна сонирхдог зүйл тань?
-Өө, зөндөө. Би их уйдамтгай хүн. Ном цуглуулж байснаа больчихоод л кино цуглуулаад эхэлнэ. Тэр бүхэн нь алга болчихоор үнэртэй ус, уруулын будаг гээд янз бүрийн юм сонирхоно. Яг нэг зүйлд туйлширч, цуглуулж байгаагүй. Үнэхээр гоё санагдаж байсан ч дорхноо уйдна. Ер нь тухайн үед сонирхсон зүйл рүүгээ л тэмүүлдэг. Гэхдээ зорьсон зорилгодоо ингэж хандахгүй л дээ.
Р.Мөнгөн






Эх сурвалж yellow.zindaa.mn
No comments:
Post a Comment
Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.