Фатима Хадуева: Монголчууд залуу сэтгэлгээтэй хүнээр улс орноо удирдуулна

{[['']]}
Фатима Хадуева: Монголчууд залуу сэтгэлгээтэй хүнээр улс орноо удирдуулна
Оросын “ТНТ” телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь удаагийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева манай улсад ирээд байгаа. Монголын сүсэгтэн олонтой уулзан лекц уншихын сацуу Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт зочлохоор төлөвлөсөн зөн билэгч маань дөнгөж сая хэвлэлийнхэнтэй уулзлаа. “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан”-гаас хамтран зохион байгуулж буй энэхүү уулзалтын талаар сонирхсон сэтгүүлчид Фатима Хадуеватай цөөн хором ярилцсан юм.
Дагестанд өсч торнисон зөн билэгч эмэгтэй маань хоёр охинтой бөгөөд ямар ч зүйлийг шууд мэдэрч хэлдгээрээ олонд танигдсан нэгэн билээ. Тэрбээр 2013 он болон ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх талаархи өөрийн бодлыг хуваалцсан бөгөөд “Могой жилийн хувьд Монгол Улс эдийн засаг болон эрүүл мэндийн салбартаа тодорхой хэмжээний амжилтыг үзүүлэх боломжтой. Ялангуяа могой жилийн могой сар тохиож байгаа энэ үед миний бие Монголд ирсэн нь ч их учиртай юм. Могой жилийн идэвхжилт эрчимтэй байгаа ийм цагт газар нутаг, байгаль экологийнхоо асуудалд онцгой анхаарах ёстой. Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ газар нутагтаа зориулж чадвал танай улсын эдийн засгийн байдал баталгаажиж, эрүүл мэндийн салбар сайжирна. Хувийн хэвшлийнхэн тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаагаас болж өнөөдөр эдийн засгийн байдал тийм ч сайнгүй болсон биз” хэмээлээ.
Харин түүнээс сэтгүүлчид ирэх сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд чухам ямар хүн ялалт байгуулахыг асуухад “Одоо бол залуусын эрин үе эхэлж байна. Залуу хүмүүс хамтраад хүчтэй байж чадвал амжилтад хүрнэ. Тэгэхээр танай улс орныг залуу сэтгэлгээгээр удирдаж, авч явах хүн л гарч ирнэ дээ” гэсэн юм.
Зөн билэгч Фатима Хадуева мөн хэн дуртай болгоны хувь тавиланг хараад хэлэх боломжгүй, энерги мэдрэх орчин нөхцөл тун чухал гэдгийг онцоллоо. Тиймдээ ч өөрийн хувь заяа, учирсан саад бэрхшээл, нууцлаг бүхнийг асууж мэдэхийг хүссэн хүмүүст хандан “Хүний хувь тавилантай холбоотой бүх асуудлыг мэдрэх нь надаас бие болоод сэтгэлзүйн хүнд шалгуур шаарддаг. Нэвтрүүлгийн үеэр нэг даалгавар биелүүлэхийн тулд 3-5 цаг зарцуулдаг байсан. Тухайн хүний энергийг мэдрэхийн тулд тусгаарлагдсан орчинд, зөвхөн түүнтэй хамт байх ёстой” гэлээ.
Эрхэм зөн билэгтэн маань өнөө орой 19.00 цагт “Улаанбаатар” ресторанд лекц унших юм байна. Ердөө л 200 хүнээр хязгаарлагдах энэхүү арга хэмжээнд оролцохын тулд 100 ам.долларын үнэтэй тасалбар худалдаж авах ёстой бөгөөд хоол унд, шившлэгтэй чулуу, тарнитай утас зэргийн үнэ багтсан бололтой. Лекцийн хувьд хувь хүний заяа төөргийн тухай, аура бүрхүүлээ хэрхэн хамгаалж, цэвэр авч явах, монголчууд өнөөдөр юуг хийж бүтээвэл амжилтад хүрэх вэ гэсэн өргөн сэдвээр үргэлжлэх ажээ. Уулзалтад ирсэн 200 хүнээс нэг азтан шалгаруулж Фатима Хадуеватай 15 минут уулзах боломжийг өгөх гэнэ. Харин маргааш өглөө Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт очиж бөгөөд урлаг соёлын багахан хэмжээний тоглолт сонирхуулж, хөгшчүүдэд шившлэгтэй утас тараан, тус газрын аура бүрхүүлийг цэвэршүүлэх юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс гуравхан хоногийн хугацаанд үргэлжлэх уулзалт, арга хэмжээний дараа Фатима Хадуеваг байгалийн үзэсгэлэнт газруудаад аялуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ лээ. Зөн билэгчийн байрлаж буй газрыг ихэд нууцалсан нь  түүнтэй ганцаарчилж уулзах хүсэлтэй хүмүүс амарч тухлахад нь саад болж магадгүй хэмээн үзсэнтэй холбоотой юм байх. Фатима Хадуеваг ирэх сургаар монголын толгой баячууд, компанийн захирлууд багагүй хэмжээний мөнгө төлж, ганцаарчилж уулзах хүсэлтийг зохион байгуулагчдад нь тавьсан гэдэг. Энэ ч утгаараа, эрхэм зөн билэгчийн хүсэлтээр зарим хүмүүсийг тусад нь хүлээж авах боломжтой гэсэн бөгөөд чухам хэдий хэмжээний мөнгө төлөх нь нууц хэвээр үлдлээ.
Юутай ч, сүүлийн хэдэн жил шашин шүтлэгээс гадна далдын хүч, бөө мөргөлд хэтэрхий автах болсон монголчуудын хувьд Фатима Хадуеватай уулзана гэдэг ховорхон боломж. Гагцхүү VIP хүрээнд өрнөх түүний уулзалтад оролцох гэж хэн дуртай нь 100 ам.доллар төлөх боломж нь бас хомс л доо. “Ганцхан удаа болох энэ уулзалтыг томоохон хэмжээний газарт зохион байгуулж, хямд үнэтэй тасалбараар олон хүнийг хамруулж болоогүй юмуу” гэсэн сэтгүүлчийн асуултад зохион байгуулагчид нь “Онгоцноос буугаад шууд л хэвлэлийнхэнтэй уулзаж байгаа энэ хүнд унтах зав ч алга. Тэгэхээр олон хүн бужигнасан UB palace ч юмуу Монгол бөхийн өргөөнд уулзалт зохион байгуулах боломжгүй” хэмээн хариулсан. Зарим хүмүүс энэхүү уулзалт хийгээд зөн билэгчийн тухайд “Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон далд зорилготой шоу биз. Угаасаа олны анхаарлыг татаж, цаад утгаараа хэн нэгэн нэр дэвшигчийг эвтэйхэн сурталчлах гэсэн их мөнгөний ажил гэдэг нь тодорхой” хэмээн улстөржүүлж байлаа.
Зөн билэгтэн Фатима Хадуевагийн VIP уулзалт, Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт зочилж буй болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж байгаа үйл явдлыг “Хасmedia” агентлагаас нэвтрүүлэг болгон үзэгч олонд хүргэх гэнэ лээ.
 

Р.Есүй   
Эх сурвалж zindaa.mn
Энэ мэдээллийг бусдад түгээх үү? :

2 comments:

  1. Chyattsgan sharaar bichihleer humuus olj unshjiin gene uu?

    ReplyDelete
  2. ногоон дээр шар тод л бна шдээ

    ReplyDelete

Та зевхөн мэдээний агууллагад тохирсон сэтгэгдэл бичнэ үү!!! Бусдыг доромжилсон болон элдэв зар сурталчилгаа бичихийг хориглоно.

 
Support : Shinetsahim Website | Shinetsahim Template | Shinetsahim Template
Copyright © 2013. Шинэ цахим - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Шинээ
Proudly powered by Baagii